Хамрах хүрээ
Тус хөтөлбөрт Увс аймгийн Ямаат, Өмнө-Отор, Хойт-Отор нөхөрлөл, Ховд аймгийн Жаргалант-Оргил, Цаст-Ундрага, Бортын Мандал, Ахууна нөхөрлөл, Баян-Өлгий аймгийн Баянхавцал зэрэг нөхөрлөлүүд хамрагддаг ба цаашид Говь-Алтайн нөхөрлөлүүдийг сүү цагаан идээний хөтөлбөрт хамруулах санал хүсэлтийг хүлээн аваад байна.
Хөтөлбөрийн зорилтууд
Зах зээлийн чанар стандартад нийцэхүйц цагаан идээний нутгийн бренд бүтээгдэхүүнийг бий болгох
Нөхөрлөлийн дундын санг дэмжих механизмыг бий болгон цоохор ирвэс бүхий нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах газрын менежментийг сайжруулах
Дотоодын зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх малчдын нөхөрлөлүүдийг чадавхижуулах
Сүү цагаан идээний хөтөлбөр
Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш дэлхийд ховордсон цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг малчдын дунд ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, ирвэс хүний хоорондын зөрчлийг бууруулах зорилготой хөтөлбөрүүдийг явуулж ирсэн. Үүний нэг нь 2020 оноос хэрэгжиж буй “Сүү цагаан идээний хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрт Увс, Ховд аймгийн малчдын 7 нөхөрлөлийн 100-118 айл өрхүүд хамрагдаж байгаа ба тэд сүү цагаан идээний нутгийн бренд бий болгож орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг НҮБ-ийн жижиг төслийн санхүүжилтээр эхлэсэн билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийг сүү цагаан идээ боловсруулах, жижиг бизнесийг хөгжүүлэх сургалтуудад хамруулан, нутгийн бренд бүтээгдэхүүний шошго сав баглаа боодлыг бий болгох, сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжөөр хангах, нөхөрлөлийн дундын санг малчдын орлогоос хувь оруулж дэмжих механизмийг бий болгох ингэснээр нөхөрлөлийн хариуцан хамгаалах нутгийн менежмент сайжруулах, дотоодын зах зээлийг хөгжүүлэх гэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг юм.