Малын эрсдэлийн сан

Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтнаас бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй, хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа нь эдгээр амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга замыг эрэлхийлж, ИХС-гаас санаачлан Энэтхэг улсад хэрэгжиж амжилтанд хүрсэн сайн туршлагыг нутгийн иргэдийн оролцоотойгоор монгол орны нөхцөлд тохируулан өөрчилж, араатанд бариулсан малын даатгалын хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчдын дунд 2009 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөр нь цоохор ирвэстэй нутагт зэрлэг амьтнаас үүдсэн малчдын хохирлыг нөхөн төлж араатан ба хүний хоорондын зөрчлийг зөөлрүүлэн малчдыг байгаль хамгаалах ажилд татан оролцуулж ирвэс хамгаалах зорилготой юм. Тус хөтөлбөр нь нутгийн иргэдийн өөрийн удирдлага шийдвэрээр хэрэгждэг болно.

Малын даатгалын хөтөлбөрт 2021оны байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Алтан нутаг, Говь билэг тост, Оюут, Тост нөхөрлөлүүдийн 56 өрх айл оролцдог. ИХС-ын зүгээс малын даатгалын бүлгүүдийн дундын санг 5 жилийн хугацаатай санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ. 2014 оны байдлаар тус хөтөлбөр нь 5 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд цаашид бие даан ажиллах санхүүгийн чадвартай болсон байна. Малчдын өөрийн удирдлага бүхий даатгалын шинэ тогтолцоог бий болгосноор малчдын зүгээс зэрлэг амьтанд хандах хандлагыг өөрчлөх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.

  • Даатгалын хураамжаа төлж гэрээ хийнэ.

  • Малаа алдсан тохиолдолд ахлагчдаа хэлнэ.

  • Ахлах нягтлан баримтжуулна.

  • Бүх нийтийн хурлаа хийж малын хохиролоо тооцно.

  • Малын хохирлоо Барагдуулж, дараа жилийн гэрээгээ хийнэ.

Хамтран ажиллах