Амьтнаас мал хамгаалах хашаа хорооны хөтөлбөр
Олон улсын ирвэс хамгаалах Сан (ОУИХС)-тай хамтран 2008 оноос эхлэн дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний урт хугацааны судалгааг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Тост, Тосонбумбын нуруунд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Судалгааны явцад цоохор ирвэс гэрийн мал руу халдах явдал шөнийн цагаар хотонд ихэвчлэн тохиолдож байдаг нь ажиглагдаж үүнээс үүдэн малчдын амьдралд хохирол учрах, тэдний малаа хамгаалах зорилгоор зэрлэг амьтныг үргээн зайлуулах арга нь цөөн тоот ховор амьтныг хороох хүртэл сөрөг нөлөө үзүүлж байгаа нь илэрсэн юм.
Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтнаас бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй, хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа нь эдгээр амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга замыг эрэлхийлж, ИХС-гаас санаачлан нутгийн иргэдийн уламжлалт хашаа хороог сайжруулж “Хашаа хорооны хөтөлбөр” туршилтын хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчдын дунд 2014 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд цахилгаанжуулсан торон хашаа, дуу гаргагч гэх мэт хэрэгсэлүүдийг хийж зэрлэг амьтны гүйдэл байршлыг харгалзан анх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн 10 малчин айлд барьж туршилт хийсэн. Тус хашаа нь 2 м гаруй өндөртэй, 12 вольтын нарны гэрлээр цэнэглэддэг бөгөөд зэрлэг амьтан хүрсэн тохиолдолд тог цохиж үргээх зориулалтай юм.
Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалах нөхөрлөлийн 20 айл хашаа хорооны хөтөлбөрт хамрагдсан байна. Хашаа хорооны хөтөлбөр хэрэгжсэнээр хотондоо мал алдах нь багассан байгааг малын даатгалын хөтөлбөрт давхар хамрагддаг айлууд болон ирвэс чононд бариулсан малын тооны судалгаанаас харагдаж байна.