Бидний тухай
Ирвэс Хамгаалах Сан (ИХС)-ийн хамт олон бид Монгол орны байгалийн нандин өв болох цоохор ирвэсийг судлах, хамгаалах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж байна. Өндөр уулын экосистемийн шүхэр зүйл болох цоохор ирвэсийг хамгаалах нь тухайн экосистемийг бүхэлд нь хамгаалж буй ойлголт юм. Цоохор ирвэс нь тухайн нутгийн байгалийн унаган төрхөө хадгалж буйг илтгэгч үзүүлэлт болдог тул “Экологийн Индикатор” гэж үздэг. Байгалийн унаган төрхийг хадгалж, тогтвортой хамгаалах үйлсэд хүн бүрийн хамтын оролцоо нэн чухал хэрэгтэй.
Алсын хараа: Цоохор ирвэсийн популяцийг тогтвортой хадгалах
Эрхэм зорилго: Хүн ба зэрлэг амьтад ижил, тэнцүү зэрэгцэн орших нөхцөлийг дэмжих замаар Монгол орны цоохор ирвэсийг хамгаалах
Ирвэс Хамгаалах Сан (ИХС)
Ирвэс Хамгаалах Сан (ИХС) нь 2007 оноос эхлэн цоохор ирвэсний судалгаа шинжилгээ болон нутгийн иргэдэд түшиглэн байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж ирсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь байгаль хамгаалах чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Trust) болон бусад байгууллага, нөхөрлөл, орон нутагтай хамтран ажилласаар ирсэн. Түүнчлэн бид Цоохор Ирвэсний Сүлжээ (www.snowleopardnetwork.org) зэрэг олон улсын байгууллагууд, эрдэмтэд, судлаачидтай хамтран цоохор ирвэсний судалгаа шинжилгээ, хамгааллын ажлуудыг хамтран явуулж байна.